Monday, November 8, 2010

Шүдний гажиг засах эмчилгээ нь том хүнд ч хэрэгтэй

Судалгаагаар насанд хүрэгчид, хижээл насны хүмүүсийн дөрөвний гурван хувь буюу дийлэнх хэсэг нь шүдний эгнээний болон байршлын ямар нэгэн гажигтай байдаг гэнэ. Харин онцлог нь тэд түүнийгээ засахыг, эмчлүүлэхийг огт боддоггүй байна. Шүдний гажиг засах эмчилгээ нь хүүхэд насанд л үр дүнтэй байдаг гэдэг ойлголт одоог хүртэл амь бөхтэй оршсоор байна.
 Хойд Каролины Их Сургуулийн судлаачдын судалгаагаар насанд хүрэгчидийн дундах шүдний гажгийн тархалт нь бага насны хүүхдүүдийнхээс бага биш харин их байсан нь анхаарал татаж байна. Насанд хүрэгчдийн дунд хоншоор болон эрүүний шүднүүдийн байршлын гажиг, шүднүүд хоорондын завсар ихээр тохиолддог болох нь дээрх судалгаанаас харагдаж байна. Гэвч гажиг заслын эмчид хандаж буй эмчлүлэгчдийн ердөө 15% нь л насанд хүрэгчид байсан байна.

Яагаад насанд хүрэгчид шүдний гажигаа эмчлүүлдэггүй юм бол? Хариулт маш энгийн. Тэд ердөө л аль ч насанд шүдний гажгийг эмчлэх боломжтой гэдгийг л мэддэггүй байна. Түүнчилэн гажиг заслын зэмсгийг удаан хугацаанд зүүнэ гэдгээс ихэнх нь төвөгшөөдөг бол ялангуяа эмэгтэйчүүд уг зэмсгийг гоо сайханд таагүй нөлөөтэй гэж үздэг гэнэ.

Судлаачдын батлаж байгаагаар болон эмнэлзүйн тохиолдлуудаас харахад харин насанд хүрэгчдэд шүдний гажиг засах эмчилгээ нь бага насны хүүхдийнхээс илүү үр дүнтэй байдаг гэнэ. Түүнчилэн Гажиг заслын салбарт гарч буй шинжлэх ухааны ололт, дэвшлийн сүүлийн үеийн гажиг заслын зэмсгүүд нь хүний нүдэнд бараг мэдэгдэхгүй болсон тул гоо сайханд сөргөөр нөлөөлнө гэж айх хэрэггүй болжээ.

Хэрэв та шүдний гажигаа засуулахаар шийдсэн бол энэ нь таныг зөвхөн сайхан харагдуулаад зогсохгүй шүднүүдийг тань он удаан жил эрүүл сайхан байхад нөлөөлөх чухал шийдвэр болно гэж Америкийн шүдний эмч нар итгэл төгс уриалж байна.

No comments:

Post a Comment