1 долоо
Та арай жирэмсэн болоогүй байгаа. Гэвч эх барихын практикт жирэмсний болон төрөх хугацааг сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог. Учир нь өндгөвчинд өндгөн эс үр тогтоход бэлтгэгдэн боловсорч эхэлдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн 10-16 хоногт явагдах үр тогтолтоос хойш ч өндгөн эс үргэлжлэн боловсорсоор байна.
2 долоо хоног
Энэ үед үр тогтолт явагдана. Өөрөөр хэлбэл эр болон эм бэлгийн эсүүд нийлснээр хүний хромосомын цуглуулга (46 ш) бүрэн болж, цоо шинэ эс буюу зигот үүснэ (нэг эст үр хөврөл).Үр тогтолтонд 1 өндгөн эс харин 300 сая сперматозоид (эр бэлгийн эс) оролцоно. Үр тогтох үйл явцыг 3 үе шатанд хуваадаг.
1- Бэлгийн эсүүд зайнаас харилцан үйлчилснээр ойртож ирэх
2- Хоорондоо нийлснээр өндгөн эс идэвхжих
3- Эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтэрч, цаашдын нийлэлт үргэлжлэн явагдана
Эр болон эм бэлгийн эсүүдийн бөөмүүд нийлснээр зигот нь эцэг эх хоёрын хоёулангийн удмын материалыг өвлөн авна. Үр тогтсон өндгөн эсийн хэсэг бүр ирээдүйн үр хөврөлийн (хүүхдийн) тодорхой нэг бүтцийг бий болгож өгнө. Харин хүүхдийн хүйс эцгийн бэлгийн эсээс хамаарна. Өөрөөр хэлбэл Х эсвэл Y хромосом агуулсан сперматозоид өндгөн эстэй нийлэхээс хүүхдийн хүйс шууд шалтгаална
3 долоо хоног
Үр тогтсоны дараах эхний хоногийн төгсгөлд үр хөврөл хуваагдаж эхэлснээр нэг эст үр хөврөл маань олон эст болно. Энэ үйл явц 5-6 хоног үргэлжилнэ. Хуваагдаж байх үедээ үр хөврөл умайн гуурсаар умай руу чиглэн хөдөлж байдаг. Үр хөврөл шар уургийн хүүдийнд агуулагдах эсүүдээр тэжээгдэнэ. 5,5 хоногийн дараа үрийн цэврүү умайд орж ирнэ. Үр тогтсноос хойш 7 хоноход үр хөврөл умайн хананд бэхлэгдэх бөгөөд энэ үе нь жирэмсний хамгийн эхний эмзэг үе байдаг. Учир нь маш олон үр хөврөлүүд умайн хананд бэхлэгдэж чадалгүй мөхдөг ба эмэгтэй хүн үүнийг бараг мэддэгүй. Яг одоо үр хөврөлийн урт 0,1-0,2 мм байдаг. Энэ үеэс аажмаар ихэс үүсэж эхэлнэ.
4 долоо хоног
Үр хөврөлийн урт нь 0,2 мм болно. Энэ долоо хоногт үр хөврөлийн 3 хальс бий болох бөгөөд тус бүрээс нь ирээдүйн эд эрхтнүүд үүсэн бий болдог. Жиш: хамгийн дотор талын хальснаас уушиг, элэг, хоол боловсруулах замын эрхтнүүд, нойр булчирхай, дунд хальнаас араг яс, булчин, бөөр, цусны судсууд, зүрх, харин гадна хальнаас арьс, үс, нүдний болор, шүдний паалан, мэдрэлийн тогтолцоо үүсдэг. Үр хөврөлийн толгойн хэсэг бий болох бөгөөд энэ нь нулимсны эсвэл усны дуслыг санагдуулам байдаг.
5 долоо хоног
Үр хөврөлийн эсийн хуваагдалд тодорхой дараалал бий болно. Өөрөөр хэлбэл хаана нь толгой хаана нь хөл, харин аль нь нуруун тал, аль нь гэдэс болох нь мэдэгдэж эхэлдэг. Нурууны нум бий болж түүнийг даган мэдрэлийн суваг үүснэ. Энэ нь ирээдүйн нурууны багана, нугас үүсэх хэсэг юм. Үр хөврөлийн биеийн дунд хэсэгт эсийн бөөгнөрөл үүссэн байх бөгөөд энэ нь ирээдүйн зүрх байдаг. Түүнчлэн үр хөврөлийн анхны судаснууд түүнчлэн анхны цусны эсүүд бий болсон байна. Үр хөврөл 2 бүрхүүлээр хамгаалагдсан байдаг. Бэлгийн булчирхай бий болсноор анхны бэлгийн эсүүд үүснэ. Бамбай булчирхай бий болно. Элэгний үүсвэр тавигдана. Үр хөврөлийн маань урт ердөө 1.5 мм байна. 18-60 хоногт үр хөврөл гаднын ямар нэгэн хортой хүчин хүчин зүйлд маш мэдрэг байдаг бөгөөд энэ нь жирэмсний II эмзэг үе юм.
6 долоо хоног
Үр хөврөл 4-5 мм хэмжээтэй болсон байна. Хөл гарын эх үүсгэвэр бий болсон байх бөгөөд толгойгоо урагш бөхийлгөх, эргүүлэх, гар хөлөө хөдөлгөх чадвартай байна. Дэлүү, ясны чөмөгний үүсгэвэр бий болно. Түүнчлэн ходоод, бүдүүн гэдэс, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушиг бий болно. Дотоод шүүрлийн тогтолцооны гол зохицуулагч болох өнчин тархи үүсч эхэлнэ. Бэлгийн булчирхай эр эсвэл эм хэлбэрээр ялгаран хөгжиж, эр чиглэлээр хөгжиж буй урагт төмсөг бий болж эхэлнэ. Түүнчлэн дархлааны төвийн эрхтэн болох сэрээ булчирхай үүснэ. Мэдрэлийн гуурсны төгсгөлд ирээдүйн тархины хэсэг үүсэн бий болсон байна. Ирээдүйн нүүр болох хэсгийн 2 талд нүдний эх үүсгэвэр бий болно. Энэ үед ургийн зүрх жижигхэн гуурс хэлбэртэй байх боловч аль хэдийн цохилж эхэлсэн байдаг.
7 долоо хоног.
Үр хөврөлийн цус үүсэх гол эрхтэн нь элэг болсон байна. Хоол боловсруулах замын эрхтнүүд бий болж эхлэх бөгөөд түүн дотроо шулуун гэдэс бий болчихсон байна. Үр хөврөл маань сүүл байх боловч 10-11 долоо хоног гэхэд алга болно. Тархи маш эрчимтэй хөгжинө. 8 долоо хоногтой ургийн амны ойролцоо цочрооход эсрэг зүгрүү нь толгойгоо эргүүлэх чадвартай болсон байх бөгөөд энэ нь хамгаалах анхны энгийн рефлекс юм. Ихэс зузаарч, хүй умайн хананд бэхлэгдэнэ. Нүүр, нүд, ам, хамрын үүсгэвэр тавигдана. Гар хөлийн хэсгүүд ялгарч эхэлнэ. Зулайгаасаа ахар сүүл хүртэл 5-13 мм, 0,8 г жинтэй болсон байна.
8 долоо хоног.
Гар хөлийн хуруунууд бий болж харин гараа тохой, сарвууны үеэр нугаларна. Түүнчлэн гадна чих, нүүрсний хэсэгт дээд уруул бий болсон байхаас гадна хамар хэлбэржинэ. Нүдний зовхи бий болно. Гэдэс хэтэрхий урт болсноос хэвлийн ханаруу түрж гарч ирнэ. Ихэнх эрхтнүүд бий болсон учир цаашид өсөж томроно. Яс болон үенүүд эрчимтэй өснө. Ургийн урт 14-20 мм, жин ойролцоогоор 3 г болсон байна.
9 долоо хоног
Нуруу нь тэгширч ирнэ. Толгой нь маш том, тонгойсон байдалтай байна. Бага тархи бий болно. Анхны тунгалгийн булчирхай үүснэ. Уушгинд богинохон гуурсанцрууд бий болсон нь ирээдүйн гуурсан хоолой юм. Эм хүйстэй урагт өндгөвч бий болж цаашид ялгаран хөгжинө. Нүд харьцангуй танигдахууц болсон байх боловч нимгэн хальсаар бүрхэгдсэн байдаг. Гар хөлийн хуруунуудын хоорондын хальснууд алга болж эхэлнэ. Ураг аажим хөдөлж эхэлнэ. Гэхдээ энэ хөдөлгөөнийг зөвхөн “эхо”-гоор мэдэж болно. Ургийн урт 22-30 мм, жин 4 г орчим болсон байна.
10 долоо хоног
Энэ долоо хоног нь нэг ёсны тулалтын цэг байдаг. Учир нь энэ үед биеийн бүх хэсгүүд үүс сэн байх бөгөөд үлдсэн 6,5 сард эрхтэн тогтолцоо нь зөвхөн нарийн хөгжих л хэрэгтэй болдог. Таны хүүхэд өөрийнхөө гадна төрхийг олж эхэлнэ. Тархи маш эрчимтэй өсөх бөгөөд нэг минутанд 250000 шинэ тархины эсүүд бий болж байдаг. Хэрэв энэ хугацаанд ямар нэгэн гажиг үүсээгүй бол төрөлхийн гажигтай хүүхэд төрөхгүй гэсэн үг. Таньд баяр хүргэе. Таны бяцхан хүүхэд ээжийнхээ гэдсэн дотор гараа нүүр, ам, толгойдоо хүргэх, амаа нээх, хаах, залгих хөдөлгөөн хийж чадна. Бэлэг эрхтний орчмын арьсанд мэдрэхүй бий болно. Нойр булчирхай дөнгөж үүсэн цаашид хүүхдийг төрөн төртөл хөгжинө. Энэ үеэс ургийн цусны бүлгийг тодорхойлж болно. Сүүн шүдний үүсгэвэр тавигдана. Хүүхдийн урт 31-42 мм, жин нь 5 г орчим болсон байна.
11 долоо хоног
Энэ долоо хоногийн төгсгөлөөс таны хүүхэд үр хөврөл биш ураг гэж нэрлэгдэнэ. Хүүхэд тань таны хийсэн гэнэтийн хөдөлгөөн, гаднын үйлчлэлд хүүхэд тань хариу үзүүлнэ. Жиш: ээжийн инээх, ханиах үед хүүхэд хөдөлнө. Одооноос эхлэн 20 долоо хоног хүртэл түүний өсөлт эрчимтэй явагдана. Ихсийн цусны судаснууд улам олширно. Толгойн хэмжээ биеийн ихэнх хэсгийг эзэлнэ. Алганы арьсанд мэдрэхүй бий болно. Атгах хөдөлгөөн бий болно. Үнэрлэх чадвар хөгжиж, хүүхэд ээжийн идсэн хоол хүнсний үнэрийг мэдэрч эхэлнэ. Жиш нь: кофеинтой эсвэл кофеингүй кофе, түүнчлэн архи уухад янз бүрийн хариу урвал үзүүлэх г.м. Тиймээс ээж нь төрсний дараа хоол хүнсээ огцом өөрчилбөл хөхөөр хооллоход хүндрэл гарч болзошгүй байдаг. Яагаад гэвэл хүүхэд эхийн хэвлий дотор үнэртэж байсан үнэрүүдээ санаж байгаа шүү дээ. Цусны эргэлтийн эрхтнүүд бүрэн хэлбэржиж дуусдаг. Ургийн бөөр 11-12 долоо хоногоос эхлэн ажиллаж эхэлнэ. Бөөрний түүдгэнцрүүд ургийн хөгжлийн явцын турш шинээр бий болсоор байна. Одоохонпоо боловсруулах юм байхгүй ч гэсэнн нарийн гэдэс гүрвэлзэх хөдөлгөөнийг санагдуулам хөдөлгөөн хийнэ. Ургийн урт 44-60 мм, 8 г орчим жинтэй болсон байна
12 долоо хоног
Ургийн өсөлт эрчимтэй явагдсан хэвээр байна. Царай нь хүний төрхтэй болж эхэлнэ. Бүх үндсэн эрхтнүүд нь бүрэлдсэн ч гэсэн сүүлийн штрихүүд нь бий болно. Жиш нь хөл, гарын хуруунд хумстай болох г.м. Булчингууд нь хөдөлгөөн хийхэд боломжтой түвшинд очсон ч гэлээ цочрол нь нугаснаас ирж буй тул санамсаргүй байдлаар илэрнэ. Гэдэс нь хэвлийн хана руу түрэхээ больсон байна. Ихэнх яснуудад ясжилтын төв гэж нэрлэгдэх арлууд бий болсон байна. Үс, арьсны булчирхайнууд бий болж эхэлнэ. 12 долоо хоногтой ургийн бамбай булчирхай дааврууд ялгаруулж эхэлсэн байна. Бамбай булчирхайн дааврууд нь хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжилд шууд нөлөөлдөг учир бамбай булчирхайн хэвийн ажиллагаа маш чухал байдаг. Ургийн цусанд цагаан эсүүд бий болно. Ургийн урт ойролцоогоор 61 мм, 9-13 г жинтэй болсон байна
13 долоо хоног
20 ширхэг сүүн шүднүүд бий болсон байна. Дэлүүнд анхны В-лимфоцит эсүүд (дархлааны эс) бий болно. Эр хүйстэй урагт түрүү булчирхай бий болж эхэлнэ. Харин эм хүйстэй урагт бэлгийн эсүүд эрчимтэй олширч байдаг. Таны хүүхдийн нүд арай нээгдэх болоогүй байгаа. Учир нь нүдний зовхи нь хоорондоо наалдсан байдалтай байна. Хэрэв гарных нь урт хүрэлцэж байвал хуруугаа амандаа хийж чадна. Ирээдүйд ясны эд бүрэлдэж эхэлнэ. Ялангуяа толгой мөчдийн ойролцоо бий болсон байна. Бүр 2 ширхэг хавирга ч харагдаж эхэлнэ. Хамар болон эрүү илүү тодорч ирнэ. Хүүхдийг “хоол хүнсээр” хангах гол эрхтэн бол ихэс байна. Харин дараагийн саруудад ургийн ойролцоох ус чухал үүргийг гүйцэтгэнэ. 13 долоо хоног гэхэд ихэс найдвартай боловсорч гүйцсэн байх бөгөөд таны өндгөвчийн үүргийг буюу өөрөөр хэлбэл жирэмснийг хэвийн явуулах дааврууд ялгаруулах чадвартай болсон бйана. Ургийг булингартай мэт нимгэн хальс бүрхсэн байдаг. Харин зүүн талаас нь хүй гарсан байна. Ургийн урт нь 65-78 мм, жин 14-20 г байна.
14 долоо хоног
Ургийн ойролцоох усанд агуулагдах сүүний, усан үзмийн, лимонын хүчил, креатинин, шээг, амин хүчил, уураг, давс зэрэгт ураг янз бүрээр хариу урвал үзүүлнэ. Хэрэв ургийн ойролцоох ус амттай бол залгих хөдөлгөөн ихсэж, гашуун бол багасна. Ургийн хөдөлгөөн чөлөөтэй болсон, амралт, идэвх ээлжлэн явагдана. Гар нь биеийнхээ бусад хэсгүүдэд хүрнэ. Түүнчлэн хүйгээ “тэмтэрнэ”. Амтлах чадвар бий болно. Анхны амьсгалах хөдөлгөөн хийнэ. Гэхдээ өөрөө амьгалж байгаа гэсэн үг биш юм. Яагаад гэвэл ээжийнхээ гэдсэн дотор хүүхэд бие даан амьсгалдаггүй. Зөвхөн ихсээр дамжуулан хүчилтөрөгч, тэжээлийн бодис авч байна. Эм хүйстэй урагт өндгөн эсийн тоо олштрч байх боловч хүүхдийг төрөх үед 4-5% нь л байх боловч 300000-400000 ширхэг байдаг. Хүүхдийн царай улам тодорсоор байна. Хацар, шанаа нь бий болно. Чих нь хүзүүний хажуу талаас өөрийн байх ёстой газар луугаа ойртож ирнэ. Таны хүүхдийн давтагдашгүй шинж болох хурууны хээ бий болох эхлэл тавигдана. Шар үс гэж нэрлэгдэх түр зуурын ахар үснүүд бий болно.Ургийн нийт урт 80-113 мм, жин нь 25 г болсон байна.
15 долоо хоног
Ургийн арьс маш нимгэхэн байдгаас жижигхэн судаснууд нэвт харагдаж байдаг. Толгойд үс бий болж, хөмсөг өтгөрч ирнэ. Хэрэв хүүхэд хар үстэй байх ёстой бол (монгол хүүхдүүд бүгдээрээ хар үстэй байдаг шүүдээ) үсний өнгийг харуулах тусгай нөсөө боловсорч эхэлдэг. Хүүхэд тань маш их хөдөлгөөнтэй илүү уян хатан болж ирнэ. Гар нь тохой шуугаараа нугарч, сарвуугаа атгах чадвартай болсон байна. Ясны чөмөг болон яс үргэлжлэн хэлбэржсээр байна. Цусны эсүүдийн үүсэх гол эрхтэн ясны чөмөг болсон байна. Ургийн урт 93-103 мм, жин нь ойролцоогоор 50г болно
16 долоо хоног
Хүүхдийн гадна бэлэг эрхтнээр нь хүйсийг нь тодорхойлох боломжтой болсон байна. Ээжийн дуу хоолой, хөгжим умайн хөндийд нэвтрэн орж ирэхийг хүүхэд мэдэрч эхэлнэ. Иймээс янз бүрийн дуу чимээг сонсож хариу үзүүлж эхэлнэ. Гэхдээ энэ дуу чимээг чихээр биш харин ясны тусламжтайгаар сонсдог. Тодорхой хөгжмийн аянд ураг жингээ нэмж болдгийг тогтоосон байдаг. Ургийн цусны улаан эс ургийн гэгдэх өвөрмөц нөсөө (гемоглобин) агуулсан байдаг нь хүчилтөрөгчийг өөртөө нэгдүүлэх өндөр чадвартай байдаг. Харин насанд хүрэгчдийн гэгдэх нөсөөг 16 долоо хоногоос эхлэн нийлэгжүүлж эхэлдэг. Хүүхдийг төрөхөд энэ нөсөөний эзлэх хувь нийт гемоглобины 30% байна. Ураг маш эрчимтэй хөгжихийн хажуугаар ихэс ч бас даган хөгжиж байдаг. Ихэс нь 17 долоо хоног гэхэд их хэмжээний судасны сүлжээтэй, 2,5 см зузаан 480г орчим жинтэй болсон байна. Энэ долоо хоногт бор өөх гэж нэрлэгдэх өвөрмөц өөх хуримтлагддаг бөгөөд энэ нь хүүхдийг төрсний дараах эхний 2 хоногт хүүхдийн дулааныг хадгалах чухадл үүрэгтэй эд юм. Ургийн бүх бие лануга гэж нэрлэгдэх шар үсээр бүрэн бүрхэгдсэн байна. Ургийн арьс нь нимгэн, өөхөн давхаргагүй байна. Ургийн урт 11-12 см, харин жин нь 100 г болсон байна
17 долоо хоног
Хэвлий болон өгзөг орчим арьсны мэдрэмж буй болно. Зүрхний сэрэл дамжуулах замын бүх хэсгүүд бий болсноор зүрхний агшилт тусгаар болно. Эм хүйстэй урагт умай бий болно. Сүүн шүдний үүсгэвэрүүд нь дентин буюу шүдний үндсэн эдээр бүрхэгдэнэ. Харин байнгын шүдний үүсгэвэрүүд нь сүүн шүд болгоны ард үүсэж эхэлнэ. Таны хүүхэд толгойгоо эгц өргөж чаддаг болно. Нүүрний булчингууд бий болсон учир таны хүүхэд өөрийн мэдэлгүй нүдээ ирмэх, нүүрээ үрчийлгэх, амаа нээх гэх байдлаар нүүрээ хувиргана. Хангалттай хэмжээний кальций бий болсон учир ясжилт эрчимтэй явагдана. Хэрэв таны хүүхэд охин бол өндгөвч аарцгийн хөндийрүү бууж ирсэн байдаг. Ургийн урт 108-116 мм, жин нь 120 г болсон бйадаг.
18 долоо хоног
Давтан төрөх гэж буй ээж хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Энэ хөдөлгөөн нь дунджаар цагт 4-8 удаа байдаг. Ургийн хөдөлөхөд зүрхнийх нь цохилт олширч, артерийн даралт ихсэн цусны эргэлт түргэсдэг учир урагт очиж буй хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэмжээ ихэсдэг. Түүнчлэн хөдөлгөөн нь ургийн тархи болон булчингийн хөгжлийг түргэсгэдэг. Умайн зай ургийн хэмжээтэй харьцуулбал харьцангуй том байгаа тул хүүхэд тань хойшоо гэдийх, хөлөө зөрүүлэн завилах, эрхий хуруугаа хөхөх, заримдаа бүр сальто хийх зэрэг хөдөлгөөнүүдийг хийдэг. Хэрэв та гэдсээ нарны туяанд ил гаргавал хүүхэд тань зөөлөн ягаан туяаг мэдэрнэ.Тиймээс та хүүхэдтэйгээ байнга ярьж, дуу дуулж, үлгэр ярьж өгч байгаарай. Тэгвэл хүүхэд танийг анхааралтай сонсох болно. Хүүхдийн тань урт 20-22 см жин нь 250 г орчим болсон байна.
19 долоо хоног
Энэ долоо хоногийн гол амжилт бол үргэлжлэн явагдаж буй тархины өсөлт юм. Тархины эсүүд сэрэл дамжуулах хэсгүүд нь өөрийн байх ёстой газраа байрласнаар хөдөлгөөн нь нөхцөлтсөн байдалтай болно. Мөчдийн харьцаа хэвийн болж ирнэ. Бөөрний шинэ түүдгэнцрүүд бий болсоор байна. Эдгээр түүдгэнцрүүдэд анхны шээс үүсэж байна. Гэхдээ үүссэн шээсний хэмжээ маш бага, цагт дунджаар 2,2 мл байна. Энэ шээс нь ургийн ойролцоох зайд гадагшилдаг учир гадагшлуулах цэвэрлэх гол үүргийг ихэс гүйцэтгэнэ. Ургийн урт нь 24 см, жин нь 280-300 г
20 долоо хоног
Арьс зузаарч эхэлнэ. Арьсны тосны булчирхайнууд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр арьс нь гадуураа тослог бүрхүүлээр бүрхэгдэнэ. Толгой дээрх үс бага багаар өигөрч эхэлнэ. Харин гэдсэнд анхны өтгөн болох зунгаг хуримтлагдаж эхэлнэ. Зунгаг нь ургийн залгисан ус, гэдэсний дотор талын гуужсан хэсэг, ахар үснээс тогтсон түүнчлэн өөх тос, холестирин агуулсан байдаг.Нүд хаалттай байгаа ч гэсэн ураг умайн дотор сайн баримжаатай болсон байна. Жишээ нь ихэр хүүхдүүд гар гараасаа барилцаж, бие биенийхээ царайг олж чадна. Анхныхаа хүүхдийг тээж буй ээж хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Зүрхний цохилтын тоо минутанд 130-150 удаа болсон байна. Таны хүсэлтээр эмч хүүхдийн тань зүрхний цохилтыг таньд сонсгож болно. Ургийн жин нь 300 гаруй г, харин урт 24-26 см болсон байна
21 долоо хоног
Ургийн цусанд агуулагдах цусны улаан эс улам олширно. Хэлэн дээр амтлах хөхлөгүүд бий болно. Ургийн хоол боловсруулах эрхтнүүд нь ургийн залгисан уснаас ус болон сахарыг ялган авч, ислэг бодисыг шулуун гэдэс хүртэл дамжуулан явуулах чадвартай болсон байна. Нүд зовхины цаана нуугдсан хэвээр байна. Дух болон дээд уруул дээр мушгирсан хэлбэртэй шар үс харагдах бөгөөд нүд хөмсөг нь тослог бүрхүүлээр зузаан хучигдсан байна. Ургийн урт 26 см, жин нь 400 г орчим болсон байна.
22 долоо хоног
Хүүхдийн тань хүлээн авах чадвар улам л нарийсаж байгаа. Тархинд нь хэрэгцээтэй бүх төрлийн эсүүд бий болсон байна. Хүрэлцэхүйн мэдрэхүй нь орчныг таних хамгийн анхны арга байдаг. Хүрэлцэхүйн мэдрэмж нь ургийн анхны чадвар байдаг. Түүнчлэн гар хөлөө хэрхэн яаж хөдөлгөх, нугалах тэнийлгэх, хэрхэн яаж байрлуулах ёстойг ойлгож эхэлдэг. Хүүхэд тань нүүрэндээ хүрэх, өөрийн гар хөлөө илж чаддаг болно. Хэрэв хуруугаа хөхмөөр санагдвал нэг бол амруугаа гараа ойртуулна, эсвэл гарлуугаа толгойгоо гудайлгана. Хөхөх ”чадвар” нь хүүхдийг төрсний дараа ч хадгалагдан үлддэг. Гар хөлийн хуруунд жинхэнэ хумс бий болсон байна. Ургийн урт 27 см, харин жин нь 450 г болсон байна
23 долоо хоног
Хүүхэд тань унтаж байхдаа зүүдэлдэг болно. Хэдийгээр хүүхэд өөхийг идэвхтэй хуримтлуулж байгаа боловч улаан өнгөтэй үрчийсэн харагдана. Арьс нь өөхөн эдээс түрүүлж хөгжсөн байдаг учраас арьс нь унжсан мэт харагдана. Харин арьсыг гэрэлтэхгүй болгохын тулд үүссэн тусгай нөсөөний улмаас улаан өнгөтэй харагддаг. Хүүхэд тань улам улам идэвхтэй болж байгаа боловч хөдөлгөөн, түлхэлт нь зөөлөн хэвээр байна. Дүрс бичлэг дээр хүүхэд хүйнээсээ барин ургийн ойролцоох бүрхүүлийг түлхэж буй нь харагддаг. Ургийн ойролцоох усыг залгих үед хүүхэд зогисиж болно. Харин таньд хүүхэд зогисоход гэдсэн дотор тань дэвхэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ургйин урт нь 28 см, жин нь 500 г болсон байна.
24 долоо хоног
Сормуус, хөмсөг нь харагдана. Төв мэдрэлийн тогтолцоонд агуулагдах эсийн тоо дээд хэмжээндээ хүрнэ. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээтэй эс байна гэсэн үг биш юм. Дөнгөж төрсөн хүүхдийн тархины эсүүдийн тоо нь насанд хүрсэн хүний тархины эсүүдийн дөнгөж 25 %-тай тэнцэх тоотой байна. Энэ үед төрсөн хүүхэд амьсгалахыг оролдох боловч бие даан амьдрах чадваргүй байна. Харин тусгай нөхцөлд эрчимт эмчилгээ, хиймэл амьсгал хийвэл амьдрах боломжтой болдог. Хүүхдийн царайны хэлбэр төрх төрөх үеийнхтэйгээ адил болсон байна. Хүүхэд илүү том болсон учир умайг бүхэлд нь эзэлснээр урьдын адил чөлөөтэй эргэлдэн хөрвөөж чадахгүй болсон байдаг. Гэхдээ хүйгээ барин орчин тойрноо гараараа тэмтрэн судалсаар байна. Гадаад орчныг улам улам анхааралтай сонсоно. Хэрэв та айвал хүүхэд тань бас л айна. Судалгаагаар ураг айсан байдлаа хэдэн цаг хадгалж чаддаг болох нь тогтоогджээ. Ургийн урт нь 29 см харин жиннь 600 г болсон байна.
25 долоо хоног
Уушгинд цулцангийн замууд болон цулцан эрчимтэй үүснэ. Ясны чөмөг эрчимтэй хөгжинө. Хэдэн долоо хоногийн турш хүүхдийн зүрхний цохилт сонсогдож буйг та санаж байгаа байх. Хүүхдийн аав нь ээжийнх нь гэдсэнд чихээ наан сайтар сонсвол хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсож чадна. Хүүхдийн хүйс эцэслэн тогтоогдсон байна. Эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагт бууж эхлэн, харин охин хүүхдийн үтрээ бий болно. Гарын хуруунууд нь сайн ажиллах чадвартай болсон байх бөгөөд гараа чөлөөтэй атгаж чаддаг болно. Энэ үеэс эхлэн хүүхэд аль нэг гараа давуу хэрэглэж эхлэх бөгөөд таны хүүхэд баруун эсвэл солгой гараар илүү эзэмдэх чадвартай нь тогтоогдоно.Түүнчлэн хүүхдэд өөрийн гэсэн унтах сэрэх өвөрмөц дэглэм бий болсон байна. Хүүхэд тань илүү хөдөлгөөний эвсэлтэй болсон байдгаас заримдаа хөлөө барьж авч чадна. Ургийн урт нь 30 см жин нь 650 г болно.
26 долоо хоног
Анх удаа нүдээ нээнэ. Нүдний бүтэц бүрэн гүйцэд хөгжсөн байх бөгөөд төрсний дараа хүүхдийн нүд ямар байх ёстой яг тэр байдалтай байна. Ураг туранхай сул мэт харагдах боловч тун удалгүй өөхөн эдийг эрчимтэй нөөцөлж эхэлнэ. Ураг эхийн хэвлийгээр нэвт тусах гэрлийн туяа, ээжийн зүрхний цохилтын түргэсэл, ямар нэгэн манипуляци хийхэд хариу урвал үзүүлнэ. Амьсгалыг хариуцах төв мэдрэлийн тогтолцооны бүтэц харьцангуй сайн боловсорч гүйцсэн байдаг тул энэ хугацаанд төрсөн хүүхэд тусгай нөхцөлд өөрөө амьсгалан амьдрах чадвартай байж болно. Хөмсөг сормуус, хумсны бүрэн цуглуулгатай болсон байх боловч төрөн төртлөө үргэлжлүүлэн ургуулсааар байх болно. Ургийн урт 30-32 см. Харин жин нь 800 орчим г болно.
27 долоо хоног
Уушиг нь хараахан амьсгалын эрхтэн биш байгаа боловч бүрэн шалчийисан байдалтай байдаггүй. Харин цулцангийн дотор талд ургийн ойролцоох ус, цулцангийн өөрийн нийлэгжүүлдэг шингэнээр дүүрсэн байдаг нь уушигны хөгжилд чухал нөлөөтэй юм. Цулцангийн дотор хана сурфактант гэдэг бодисоор бүрхэгдэж эхлэх бөгөөд төрсний дараа амьсгал авахад уушигний цулцангуудыг эргэн шалчийлгахгүй байх зорилготой бодис юм. Энэ долоо хоногт төрсөн хүүхдийн амьдрах боломж 85% байдаг. Гэхдээ маш олон асуудалтай тулгарна. Учир нь хамгийн наад захын гэхэд өөхөн эд маш бага байдгаас дулаанаа хадгалах чадваргүй, уушиг бүрэн гүйцэт хөгжөөгүй тул тусгай боксонд байлгах шаардлагатай, элэг, тархи бүрэн хөгжөөгүй, дархлаа маш сул учир янз бүрийн халдварт өртөж болох аюултай, г.м. Ургийн урт 33-34 см жин нь 1000 орчим болсон байна
28 долоо хоног
Ургийн яс нь маш зөөлөн мөгөөрсөн эдээс бүрдсэн байна. Харахад туранхай хэвээр арьс улаан үрчийсэн байна. Хумс хурууны үзүүрт хүрээгүй, эрэгтэй хүүхдийн төмсөг бүрэн бууж ирээгүй, охин хүүхдийн бэлгийн их уруул бага уруулыг даваагүй байна. Харин нүдийг бүрхэж байсан хальс алга болсон байна. Энэ долоо хоногт төрсөн хүүхэд сайн арчилгаа, эмчилгээний дүнд амьдрах бүрэн боломжтой болсон байна. Ургийн урт 35 см, жин нь 1000-1100 г болно.
29 долоо хоног
Эхийн сүүний боловсролтыг ураг өөрөө эрчимжүүлж өгнө. Ургийн бөөрний дээд булчирхай андроген төст (эр бэлгийн даавар) бодис ялгаруулан ихсийн цусны урсгалд орсноор эстроген (эстериол хэлбэрээр) болон хувирдаг. Энэ бодис нь таны биед сүүний боловсруулалтыг ихэсгэх пролактиныг идэвхжүүлж өгдөг гэж үздэг. Ургийн урт 35 см, жин нь 1100г байна.
30 долоо хоног
Тархины гадаргуугийн бүтэц сайн ялгаран хөгжсөн нь янз бүрийн чадвараар илэрдэг. Жишээ нь маш хүчтэй чимээ сонссон ураг дараа нь энэ чимээ давтагдахад хөдөлөхөө аажим багасгаж, улмаар хөдөлөхөө больдог. Харин өөр чимээ сонсгоход ураг ахин хөдөлж эхэлдэг болох нь тогтоогджээ. өөрөөр хэлбэл энэ үеэс ургийн тархи орчныг шинжлэх баримжаалах чиглэл рүү давамгайлан ажиллаж эхэлнэ. Хүүхэд чинь танийг улам сайн ойлгож эхэлнэ. Та гэдсээ илвэл хүүхэд тань гарын чинь аясыг дагуулан хөдөлнө. Энэ үеэс амьсгалын эрхтнүүдээ дасгалжуулж эхлэн цээжний хэнхэрцгийг хүчтэй хөдөлгөж байх үед буруу хоолойгоор нь ургийн ойролцоох ус орсноос хүүхэд тань зогисож болно. Харин өөхөн эд хангалттай хэмжээгээр нөөцөлсөн байдаг учир цагаас урьтаж төрөх нь тийм ч аюултай бус болсон байна.Ургийн урт 35-37 см, хариин жин нь 1200г болно
31 долоо хоног
Унтах үед “түргэн” нойр илүү давамгайлна. Арьс нь бага зэрэг үрчгэр улаан хэвээр байна. Хэрэв энэ долоо хоногт хүүхэд чинь төрвөл сайн хөгжсөн уушигны ачаар хүүхдийн амьдрах чадвар илүү их болсон байна. Гэхдээ өөрөө бүрэн амьсгалж хараахан чадахгй байна. Умайгаар дамжин өнгөрч буй 500 мл орчим цус нь ихсийн цусан хангамжтай нягт холбоотой байдаг. Гэхдээ таны цус хэзээ ч хүүхдийн тань цустай холилдохгүй байдаг учир нь ихсийн хориг гэж нэрлэгдэх нимгэн хальсаар тусгаарлагдсанд байдаг. Харин энэ баримт нь таныг тайвшруулах ёсгүй юм. Учир нь таны хэрэглэсэн бүх зүйл урагт шууд нөлөөлдөг.Ургийн урт 38 см, жин нь 1600 г болсон байна
32 долоо хоног
Бүх чиглэлд хараагаа тохируулан тогтоон харах чадвартай болсон байна. Жирэмсний сүүлийн хугацаанд эргэн тойронд болж буй бүх зүйлийг сайн сонсож чаддаг болно. Таны зүрхний цохилтын чимээг сайн ялгаж хүйгээр дамжин өнгөрөх цусны шуугиан, агшилтын чимээг танина. Гэвч энэ бүх чимээн дундаас ураг ээжийнхээ дууг илүү сайн мэднэ. Тийм ч учраас төрөнгүүтээ хүүхэд эхийгээ дуугаар нь танидаг. Ургийн урт 40-42 см, харин жин нь 1800 г болсон байна.
33 долоо хоног
Арьсны мэдрэхүйн чадвар бүх биеэр тархсан байдаг. Хэрэв энэ үед та бэлгийн харьцаанд орвол ургийн зүрхний цохилт түргэсэнэ. Харанхуй умай дотор хавчигдсан ураг шинэ төрсөн хүүхдийн уйлахаас бусад бүх чадваруудыг эзэмшсэн байдаг. Их унтаж, тод зүүдэлдэг болсон байна. Сэрэнгүүтээ орчныг чагнаж, өөрийн биеийн байдлаа ажина. Түүний тархинд буй түмэн эсүүд хэдэн сая живаа шинэ шинэ холбоонуудыг үүсгэж байгаа. Хүүхдийн түлхэлт хүчтэй болсон байна. Энэ үеэс хүүхэд эцсийн байрлалаа олж эхэлнэ. (толгойгоороо, өгзгөөрөө эсвэл хажуугаараа). Гэвч төртлөө хүүхдийн байрлал өөрчлөгдөж болно. Хэрэв одоо хүүхэд төрвөл өөрөө амьсгалах боловч тусгай асаргаа заавал хэрэгтэй байна. Ургийн урт 44 см орчим, жин нь 2000 г
34-35 долоо хоног
Ураг их хэмжээтэй хоол тэжээл хэрэглэж, ялгадас ихээр гадагшлуулж байгаа тул энэхүү ачааллыг давахын тулд ихэс ч том хэмжээтэй болсон байдаг. Хүүхэд илүү хөөрхөн болно. Арьс нь цайвар ягаан, биеийн хэлбэр бөөрөнхийдүү болж эхэлнэ. Энэ үед их тархины хөгжил харьцангуй удааширдаг. Харин бага тархины хөгжил идэвхжиж ирдэг. Тиймээс ч дутуу төрсөн хүүхэд хөдөлгөөний эвсэл муутай байна. Зүрхний цохилт минутанд 120-130 болсон байна. Уушиг, элэг хөгжиж дуусна. Ургийн урт 45 см, биеийн жин 2400 г.
35-36 долоо хоног
Ургийн бүх эрхтэн тогтолцоо аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг боловч төв мэдрэлийн болон шээс бэлгийн замын эрхтнүүд хөгжсөөр байна. 36 долоо хоног гэхэд хүүхэд тань эцсийн байрлалаа олно. Байрлал нь гол төлөв толгойгоороо уруугаа харсан байдаг. Өөхийг үргэлжлүүлэн нөөцөлсөөр л байна. Ургийн дундаж урт 45-47 см, жин нь 2500-2600 г болсон байна
37 долоо хоног
Арьсны тослог бүрхүүл их хэвээр байна. Шар үсний хэмжээ багасна. Хамар, чихний мөгөөрс хатуурч эхэлнэ. Жирэмсний сүүлийн сард өдөр жин нь 14 г орчмоор нэмэгдэнэ. Ураг жингээ байнга нэмж байгаа тул хөдөлгөөн нь ч багасаж ирнэ. Тархины үйл ажиллагаа сайжирч, нүдний хөдөлгөөн, хараа сайжирна. Энэ үеэс ихэс цаашид томрохоо болино. Хүүхдийн амьсгалын эрхтнүүд дасгалжуулагдаж, төрсний дараа хүүхдэд хэрэгцээтэй дааврууд боловсорч эхэлнэ. Атгах, анивчих, нүдээ аних, хөлөөрөө тэмтрэх, толгойгоо өргөх буулгах хөдөлгөөн хийхэд шаардлагтай рефлексүүд бий болсон байна.Ургийн урт 48-50 см, жин нь 2800-3000 г
38 долоо хоног
Одоо хүүхэд төрөхөд бараг бэлэн болсон байна. Биеийн жин нь төрөх үеийнхдээ дөхөж ирнэ. Арьс цайвар ягаан өнгөтэй, шар үс бараг байхгүй, арьсны тослог бүрхүүл багасаж эхэлсэн байна. Толгойн үсний урт 1-2 см болсон байна. Энэ үед хүүхэд төрсөн хүүхдийг гүйцэд төрсөн хүүхэд гэж үздэг.Ургийн урт 48-50 см, жин 3000 г орчим болсон байна.
39 долоо хоног
Төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хэсгүүд харилцан адилгүй хөгжиж байна. 38-39 долоо хоногт нугас болон завсрын эд бүтцийн хувьд бүрэн хөгжсөн байдаг. Төрөх үед нүүрний мэдрэлийн хөхөх үйл явцыг хангах хэсгүүдийн хөгжил бүрэн дууссан байдаг. Төв мэдрэлийн тогтолцооны бүтэц үйл ажиллагааны бүрэн хөгжил төрсний дараа явагддаг.Ургийн урт 50см, жин 3000-3500 г болсон байна.
40 долоо хоног
Өөхөн эд эрчимтэй хуримтлагдснаар хүүхдийн бие нь цулцгар, цээж төвийсөн байдалтай болж өгнө. Арьс цайвар ягаан өнгөтэй, шар үс бараг байхгүй болсон байна. Толгойн үсний урт 2 см болсон байна. Гар хөлийн хумс хурууны үзүүрт хүрсэн байх бөгөөд харин хамар, чихний мөгөөрс уян хатан болж өгнө. Нүд 20-30 см холын зайд хараагаа тохируулах чадвартай болно. Ургийн дундаж урт 50-54 см, жин 3000-5000 г болно.
Borgata Hotel Casino & Spa announces opening date
ReplyDeleteThe Borgata Hotel Casino & 경상북도 출장안마 Spa 원주 출장안마 announced today it will open the world's first “Gambler 성남 출장샵 of 대전광역 출장샵 Atlantic City” location, 샌즈 marking a milestone in the hospitality