Анхны алхамаа ч хийж амжаагүй байхдаа хүүхэд нохойг ойлгож сурдаг байна. Зургаан сартай хүүхэд нохойн хуцалтын байдал дууны өнгөөр нь ялган салгаж мэдэрч чаддаг болдог.
Сэтгэл судлаачид зургаан сартай хүүхдүүдтэй туршилт хийж үзсэний үндсэн дээр үүнийг тогтоожээ. Хүүхдэд гурван зураг үзүүлээд үүний зэрэгцээ нохойн хуцалтын бичлэг сонсгосон байна. Эхний зурган дээр дайрахаар сүрдүүлж буй нохой, хоёр дахь зурган дээр ердийн байдалд буй нохой харин гурав дахь зурган дээр сар луу хуцаж буй нохойн зураг байв.
Хагас ойтой хүүхэд нохойн хуцалтны бичлэгийг сонсоод архирч буй, эрхлэн гийнаж буй эсвэл ульж буй нохойн зураг уруу алдахгүй толгойгоо эргүүлэн харж байжээ. Гайхан толгойгоо эргэлдүүлэх хүүхэд харах нь насанд хүрэгчдийн хувьд нэг талаар тоглоом мэт харагдаж болох юм: Гэвч энэ насны хүүхэд муухай болон сайхан сэтгэл, муу болон сайн явдал мэтийн энгийн зүйлсийг ялгаж ойлгож чаддаг болохыг харуулж байгаа юм. “Энэ дэлхийд мэндлээд хамгийн түрүүнд мэдэж авдаг зүйл нь бол хүүхдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөн юм” гэж уг судалгааг удирдсан Бриэм Янг (Brigham Young University) Их сургуулийн сэтгэл судлалын профессор Росс Флом ярьж байна.
Нохой бол хүнтэй хамгийн их дотно байдаг, хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнтэй хуцдаг амьтан учраас бид сонгож авсан” гэж Флом тайлбарлав.
Хүүхдүүд зураг болон дууны байдлыг тун амархан тогтоон авч байсан тул судлаачид зургийг сольж мөн өөр нохойн хуцалтыг сонсгож эхэлсэн байна. Хуцалт эрс өөрчлөгдөхөд хүүхдүүд маш түргэн бүгдээрээ толгойгоо эргүүлэн өөр зураг уруу хараагаа шилжүүлцгээж байлаа. Насанд хүрэгчид ч нялх балчрууд ч бүгд сэтгэл хангалуун үлдэв.
Үүнтэй төсөөтэй туршилт өмнө нь хийгдэж байсан. Бетховеныг хүүхдэд сонсгоход хөгжмийн сэтгэл санааны өөрчлөлтийг мэдэрч буй нь ажиглагдсан байдаг. Өөр зарим нэг судалгаагаар нялх хүүхэд (6 сар хүрээгүй) эцэг эхийнхээ нүүрний хөдөлгөөнөөр сэтгэл санааных нь байдлыг ялгаж чаддаг ба дуу чимээний байдлаар сүрдүүлэг болон аюулыг таньж чаддаг болох нь тогтоогдсон байдаг.